Monday, February 19, 2018

Хайртай жаахан хоёр ЭРДЭНЭС минь..

/Хүнийг хайрлах, эцэг эхийн хайрыг өвлөх, дурлал хайрыг таних тухайд/

Ээж нь та хоёрт хайраа өвлүүлэх гэж заяасан хэр нь хайрлахад өөрөө ч суралцаж дуусахгүй л байна. Дуусах ч үгүй бололтой. Тэгэхдээ төөрөлдөөнөөс ядахдаа хөтлөөд гаргачихаж дөнгөх л байх.

Миний охидын өвгөн аав /бүдүүн өвөө/ ээжийг нь хараад, бас бүх нагац нарыг нь хараад л нулимс нь цийлдэг хайр бялхсан хүн байсансан. Тэгэхдээ их задгай үг яриатай. Найз нөхөдтэйгөө ач зээ нар нь л дэргэд нь байхгүй бол юу ч гэж ярьж, маазарч мэдэхээр "танхай" нэгэн байсан юм. Эмгэн ээж нь /бүдүүн эмээ/ ч нэг их ялгаа үгүй. Тэгсэн ч өдөр ирэх тусам хайрлан хүндэлдэг хүмүүсийнх нь тоо нэмэгдсээр, нэмэгдсээр л, бүдүүн эмээгийнх нь хийх хоолны хэмжээ ихсээд байдаг байлаа даа.

Ээж нь юу гэх гээд байна гэхээр, миний үрс хүнийг ямар харагдах хийгээд ямар гээчийн уран цэцэн үг урсгаж буйгаар нь дүгнэж огтоос болохгүй шүү. Нооройж навсайсан зуслангийн байшинд насыг барсан өвгөн аав, эмгэн ээж хоёр чинь ХАЙРЫН ДАРУУХАН УУРХАЙНУУД байсан юм шүү.

Ээжийнх нь нутагт ээжийнхээ аав, ээжийг өвгөн аав, эмгэн ээж гэж хэлдэг юм. Одоо цагт нутгийн аялага гэдэг үнэт өв арчигдах дөхөж байна. Та хоёрын нэг нь ээжийнхээ алдааг залруулан хэл судлалын эрдэмтэн болж юуны магад хэмээн энд энэ тухай нуршин байж өгүүлж байгаа минь энэ. Ээжийг нь Ардын уран зохиолч Тангадын Галсан гэдэг мэргэн ахай хэл шинжлэлийн хүн болгох гэж их хичээсэн боловч зөрж байгаад сэтгүүлч болсон юм. Болсон ч гэж дээ, ээж нь сайн сэтгүүлч болохын төлөө насаараа зүтгэх юмдаг.

Сэдвээс жаахан хальсанд уучлаарай. Ямартай ч хүн гэдэг эргэн тойрныхоо эгэлгүй хүмүүсээс нандин чанарыг өвлөөд, цааш түгээгээд амьдардаг жамтай. Түүнээс биш харанхуй хүмүүсээс гэрэл хүлээж, сүүдрээс дулаан горьдоод ер нэмэргүй юмдаг. Тэглээ гээд үргэлжид материаллаг амьдралыг шүтсээр ирсэн зүдэгхэн, бүдэгхэн хүмүүсийг үзэн яд гэсэн үг огт биш. Тэднийг хайрла, чадахгүй бол бүү үзэн яд. Тэртэй тэргүй азгүйдчихсэн хувь тавиланг битгий дорд үзээрэй. Зүгээр л өөрийн гэгээ гэрлээ харж бусдад түгээж яв.

Ээжийнх нь та хоёртоо сургаж захиж чадахгүй ганцхан сэдэв бол янаг амрагийн хайрын тухай юм даа. Эр хүнээр хайрлан халамжлуулах гэж юу байдгийг бараг үзсэнгүй. Бараг гэдэг нь ээж нь дунд сургуульд байхдаа нэг ширээнд суудаг байсан хүүгээс жинхэнэ эр хүний хариу нэхээгүй халамжийг авч үзсэн удаатай.

Миний охидын аав бол охиддоо хайртай сайн аав. Гэхдээ ээжийнх нь оюун санааны эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөгүй болохоор бидний харилцаа бүтэлгүй байсан төдий юм.


Эргээд дунд сургуулийн дурсамж руугаа ороё. Ээж нь их эмзэг турьхан жаахан охин байлаа. Биеийн тамирын хичээл дээр охидын хамгийн дор зогсоно. Харин ширээний найз минь хөвгүүдийн хамгийн өндөр. Ингээд бодохоор ангийн хамгийн намхан, өндөр хоёр нэг ширээнд хөгийн инээдтэй харагддаг байсан байгаа биз. Тэр хөвгүүн дүрлийсэн алаг нүдтэй, том гэгч алгатай. Ширээнийхээ ард сууж байхдаа гуталнуудаа зэрэгцүүлээд харахаар аав охин хоёрын гутал шиг л харагдахыг яана.
Тийм том биетэй атал их зөөлөн сэтгэлтэй. Өглөө бүр орж ирээд нэг их гэрэл цацруулаад инээхэд адууных шиг ярайсан шүдний нь сайхан харагдахыг яана. Тэгээд л шууд цүнхээ нээгээд надад заавал нэг амттай зүйл гаргаж өгнө. Би гэдэг хүн ганцаараа идчихдэг байсан санагдаад одоо хэр нь их ичдэг юм. Миний сайхан үрс хүмүүсийг харуулж байгаад ганцаарханаа идэж ууж ёстой болдоггүй юм шүү. Ядахдаа идэх үү гэж асууж байгаарай даа, Бурхан минь.
За тэгээд "том" найз минь намайг их өмөөрнө. Гүйхээр хөл минь аймшигтай өвддөгийг бодвол тэр маань л ангид ганцаараа мэддэг байсан биз. Тоглоом тохуу хийгээд хөвгүүд том дугарсан ч өмөөрнө. "Хөөе, дэмий шүү" гэж ирээд л...
Нэг удаа хөөцөлдөж тоглож байгаад би нэг хүүд яг гүйцэгдэхийн даваан дээр өнөөх чинь гүйж ирээд намайг хөөж байсан хүүг араас нь тас тэвэрч аваад "Дээгий, гүйгээрэй" гэж билээ.
Энэ бүхнийг нуршиж байгаа учир гэвэл, тэр хүү надаас нэг удаа ч атугай хөтлөлцөөд алхахыг ч хүсч байгаагүй. Зүгээр л намайг халамжлах нь өөрийнх нь үүрэг гэж боддог, тэр үеийн байдаг л нэг хөвгүүн байв. Зүүнхараагаас Улаанбаатар луу шилжсэн хойно энэ хүүг өөд болсныг дуулаад ээж нь мөн их гашуудаж, өртэй хоцорсон мэдрэмжтэй үлдсэн дээ. Хэнээс, юу ч авсан байлаа гэсэн, сэтгэлийн зориулал авлаа ч эргүүлэн ачийг нь даруй хариулж байхгүй бол ийм аймшигтай мэдрэмж зүрх зүсэн хоцордог юм шүү.

Үнэндээ яг хайр дурлал гэж, хүмүүсийн мөрөөдөж хардаг шиг бие биедээ зэрэг дурлах тохиолдол байдаг үгүйг ээж нь биеэр үзээгүй л байна. Маш их ганцаардалд заримдаа хүний аз жаргалыг олж харах нүд харалган болох нь бий. Миний охид дурласан, шохоорхсон хөвгүүнээ өөртөө дурлаагүйд битгий гутарч цөхрөөсэй гэж ээж нь ийм эртнээс хүсч явна даа. Хамгийн азтай нь бид гурав найзууд байх учраас хэн хэнд маань ганцаардлын далайд живих гачлан тохиохгүй нь лавтай.
Өөр зүлгэн дээр алхаж явна
Өвс биш байна
Газар биш тэнгэр байна
Тэр нь бас хатуу юм

Тамаас би цэцэг түүнэ
Тэр цэцгээр онгодоо чимнэ
Нулимсан нууранд сэлнэ
Налсан бүхэн нурна

Нар харин хар өнгөтэй
Намхан тэнгэр нь ягаан хаяатай
Зүүд гэнэт там болж
Зүүсгэл сэлт цээж сүлбэнэ

Зарим өдөр алс буйд хаа нэгтээ
Заяа төөрөг ч оломгүй нам гүмд
Зангирч дотор эрчлэн байх хашгирааныг
Зүсч тасдаж уран шатаан эвдэхсэн

Орилоон бас хашгираан орооцолдон байх ахуйд
Огтоос оргүй аниргүйд урсгах үгүй болбоос
Орчлон тэр аяараа доргиж бас цуурч
Олиггүй нэгэн өнгөнд даруухан бийрээ мартах нь...

Tuesday, November 15, 2016

Дурламтгай бас итгэмтгий зүрх чи баяртай

Зүрх минь өшигчүүлсээр бут үсрэн
Зүгийн одод руу нисэн оджээ
Зүйл бүрээр гоочлох орчлон чи
Зоргоор ахин бүү тэмтэр

Цээжнээс минь дандаа төөнөдөг
Царцаж бас заримдаа хайрдаг
Дурлалд бүр гал шиг асдаг
Дундуурхан сэтгэлд мөс шиг хатдаг

Цаг хугацаанд хэрэггүй л элсэн
Цамцан дороо нууцхан түгшсэн
Өөнтөгч хүнд өвсний ч үнэгүй
Өмөлзөх ээжид минь амины энтэй

Зүрх чи одоо амралтаа ав даа
Зөнгөөрөө мөн ч удаан зүтгэлээ
Зовлон эс жаргал удахыг бүү мэд
Зоргоороо чамайг чөлөөнд гаргая даа

Харц чи наймайг бүү ээр
Хайгаад юу ч оломгүй хөндий цээж би
Хараа булаах бяцхан цучил байх аваас
Хамгийг эвээгч багшийн минь хайр буй


Wednesday, September 2, 2015

АНД НӨХӨД vs ЦАХИМ ЕРТӨНЦ

Цаг хугацааг хулгайлагч хамгийн ил цагаандаа гарсан луйварчин бол бидний өөрсдийн хөгжүүлсэн цахим ертөнц яах аргагүй мөн. Гэвч тэр луйварчинг хазаарлаж чадвал луйварчин биш хамгийн сайн цаг хэмнэгч болж болох юм. Хүн төрөлтний талаар үнэн мөн чанартай танилцахын оронд миний үрс аливаа хиймэл, өөрөөр хэлбэл хүний бүтээсэн зүйлсэд бүү автагтун. Ээж нь маш их цаг хугацааг эдгээртэй танилцахад зарцуулсан юм. Тэгэхдээ миний үрс ээжийгээ бодвол улс орныхоо хөгжил цэцэглэлтийн яг төвд нь өсч торниж байгаа тул маш олон давуу боломжуудыг атгаж байгаа юм шүү. Эсрэгээрээ энэ бүх боломжууд, тухайлбал элдэв дэлгэцтэй зүйлс, интернэтэд холбогддог зүйлс, олон ТВ суваг, бусад хэрэглээний зүйлс бүгд бүрэн байгаа энэ нөхцлийг маш зөв ашиглахыг амьдрал та нараас минь шаардах болно. Эдгээрийг зөв хэрэглэхгүй бол эргээд энэ зүйлс та нарыг эзэмших болно. Жишээлбэл ээж нь эдгээрийг өдөр өнжөөд хязгаарлагдмал хугацаагаар үзэхийг зөвшөөрдөг нь хүүхдүүдээ цагдах дуртайдаа биш юм гэдгийг нэгэн цагт миний үрс ойлгох болно. Хязгааргүй их боломж үргэлж үнэ цэнэгүй байдаг учраас ээжийнхээ өгсөн хэсэгхэн хугацааг өөртөө хэрэгцээтэй мэдээлэл олж авахад, яг дурлаж сонирхсон зүйлээ үзэж харахад зориулж сураасай гэж хүссэн хэрэг. Угтаа бол хүний амьдрах хугацаа ч хязгаарлагдмал тул миний үрс энэ хязгаарлагдмал боломжийг ч бас хамгийн гэгээлэг, хамгийн их хүсэж дурласан үйлсээ бүтээхэд зориулж сурахад суурь чадвар болох юм.
Та нар минь өсч торниод олон сайхан анд нөхөдтэй болоорой. Тэгэхдээ цахим андууд гэж хуурмаг бүрхэвчинд бүү ороорой. Хүний зүрх сэтгэл бие биенийхээ нүд рүү хараад ярилцах тэр үед л жинхэнэ үнэн байдаг. Цахим ертөнцийн хуурмаг хэлбэрт хэт автвал бусдад сайхан харагдах, бусдын анхаарлыг татах гэх мэт хэнд ч хэрэггүй хүсэл шуналд амьдралаа үрэх болно.
Түүнээс гадна хамгийн аюултай нь хүмүүсийн аймхай хулчгар, бусдыг боддоггүй хувиа хичээх занг хамгийн их дэвэргэж байгаа олон нийтийн сүлжээнд донтох нь тэр хэрээрээ чамайг эвдэнэ. Хэн нэгэн өөрт чинь таалагдахгүй авир гаргаж таагүй үг хэлсэн бол шууд л өөрийн профайл дээрээ "Нэг муу тэнэг ингээд тэгээд..." гэж бичих нь хэнд ч хоргүй мэт боловч өөрт чинь ямар ч гэм хийгээгүй хүмүүсийг бэлгэгүй үг уншуулж "шийтгэж" байгаа хэрэг. Дээр нь бас энэ үйлдэл өөрийг нь шууд буруутай эзэнд хандах чадваргүй аймхай, мөн тэр хэн нэгэнд тухайн байдал ямар байсныг ойлгох гэж хичээхийн оронд бусдаас бялдуучилсан сэтгэгдлийг нь сонсч бахаа хангах гэсэн увайгүй нэгэн болох ийм л үйлдэл байдаг. Үнэн хэрэгтээ чамд хэцүү байгаа бол хайртай хүмүүстэйгээ нүүр тулж уулзаад буруу зөвийг хэлэлцээд халуун дулаан тэврэлт авч сэтгэлээ онгойлгох нь нүгэл багатай юм шүү дээ. Миний үрс дээрх шиг бэртэгчин хэлбэрээс зайлсхийснээрээ бусдыг муйхраар буруутгаж үзэн ядалгүй бодлын эрх чөлөөтэй явж сурах учиртай юм шүү.
Дэмий зүйлд цаг заралгүй энэ хорвоод яах гэж ирсэнээ өөрсдөө олж мэдэхэд хангалттай их цаг зарцуулаарай!

Thursday, October 30, 2014

Дэлгэрмаа: А.Дэлгэрмаа "Ирландаас тээсэн гэгээ"

Дэлгэрмаа: А.Дэлгэрмаа "Ирландаас тээсэн гэгээ"

Тарвагачин овогт Гэндэнсангийн Армаагийн товч намтар оршивой /1950-2010/

Амласан ёсоор аавынхаа намтарыг нийтлэв...
Сайн Ноёнхан аймгийн Эрдэнэбандид хутагтын шавь (өнөөгийн Баянхонгор аймгийн зүүн долоон сумын нутаг)-ийн нутагт XVII жарны төмөр бар жил (1950 онд), хаврын дунд сарын шинийн арванд Гэндэнсангийн дөрөвдүгээр хүү болон мэндэлсэн. Тэрээр найман насандаа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын бага сургуульд элсэн орж суралцсан бөгөөд 1969-1972 онд цэргийн алба хаажээ. Цэргээс ирээд Баянхонгор аймгийн Банкинд дансны нягтлан бодогчийн ажилд орж, 1974 онд нягтлан бодох бүртгэлийн мэргэжил дээшлүүлэх курсыг онцсайн дүнтэй дүүргээд, 1975 оноос Говь-Алтай аймгийн банкны ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажилласан юм. 1975-1986 онд Говь-Алтай аймгийн банкны ерөнхий нягтлан бодогчийн ажлыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж байсан. Түүний ажлын ур чадварыг үнэлэн 1977 онд Засгийн газрын хүндэт жуух, 1979 онд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан бөгөөд бусад гавьяа шагналыг дурьдахад хэт урт дурьдатгал болох биз. Тэрээр гар ажиллагааг хялбарчлах олон санаачлага гарган хэрэгжүүлж байсны зөвхөн ганцыг дурьдахад тухайн үед дэвшилтэт технологи болж байсан, гүйлгээ шивдэг АСКОТ-170 гэдэг машин дээр хадгаламжийн хүү бодуулах боломжийг нээсэн байна. Энэхүү арга туршлага, өөрөөр хэлбэл зохиосон программ нь маш их цаг хугацаа, хөдөлмөрийг хөнгөвчилж байсан тул улс даяар нэвтрүүлж байсан гэдэг. Мөн Говь-Алтай аймгийн бүх сумдын банкны тооцооны төвүүддээ шалгалт хийж олон алдаа дутагдлыг илрүүлэн засч залруулсан зэрэг нь банкны хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон тул 29-хөн настайдаа "Санхүү банкны тэргүүний ажилтан" болсон хэмээн мэргэжил нэгт нөхөд нь дурсан ярьдаг.

Түүнийг ажиллаж байх хугацаанд Говь-Алтай аймгийн банк бусад аймгийн банкнаас бүхий л үзүүлэлтээр ямагт хошуучилсаар байсныг дурсах хүн олон. Үеийн үед аливаа байгууллагын ерөнхий нягтлан бодогч гэдэг хүн тухайн байгууллагынхаа хоёр гол баганы нэг байдаг. Г.Армаагийнх гэдэг айл бусдад гайхуулахаар баян цатгалан байгаагүй ч ямар ч сэхээтэн тэднийд ороод уулга алддаг байв. Учир нь тэр сэдэв бүрийн ховор нандин номуудыг ядмагхан номын сангаас илүү сайн цуглуулж чадсан байсан нь өнөө хэр нь үр удмыг нь номын мөрөөр хөтлөн газарчилсаар, улам арвижин баяжсаар байгаа билээ. Зөвхөн мэргэжилдээ гаршаад зогсохгүй тухайн үеийн сэхээтнүүдийнхээ дунд бичсэн шүлэг, найраглал, богино өгүүллэг, зохиосон шатрын бодлогуудаараа хэдийнэ танил болон хүндлэгдсэн хүн байв. Зарим шүлэг, найраглал нь "Тоншуул" сонинд хэвлэгдэж, орон нутгийн хэвлэл "Алтайн хөгжил"-д зохиосон шатрын бодлогууд нь гарч, зарим нь шатрын бодлогын номонд орж байсныг өөрөө дурсдаг байлаа. Шатрын бодлого этюдийн улсын уралдаанд хэд хэд оролцсоноос нэг удаа тэргүүн байр, олон улсын уралаанд тусгай байрын шагнал хүртэж байсан шатрын нэгдүгээр зэрэгтэй тамирчин бөгөөд тэшүүрийн спортоор сонирхон суралцаж чамлалтгүй амжилт гаргаж байсан төдийгүй спортын бүх төрлийн идэвхитэй үзэгч, дэмжигч байв. Тэр өөрийн бичсэн "Хүний үүсэл" номын дэд ботидоо шатрын үүслийг үндэслэл, нотолгоотойгоор нээн бичихдээ туйлын баяртай байсан нь ч аргагүй юм.

Г.Армаа нь Говь-Алтай аймгийн банкинд ажиллаж байхдаа ичнээгээр 1986 онд МУИС-ийг статистикч - эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд 1989 он хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын (одоогийн Мандал сумын харъяа) банкинд ерөнхий нягтлан бодогчийн албыг хашиж байв. Тухайн үед Г.Армаа шиг хурдтай, чадварлаг, шинийг санаачлагч, өндөр бүтээмжтэй ажилтнуудаа Улсын Банкны Ерөнхий Хорооноос шаардлагатай газар нь томилон ажиллуулдаг байв. Тэр Улсын Банкны жинхэнэ итгэмжит төлөөлөгч байсан тул Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ аймгууд дахь банкны ерөнхий нягтлан бодогчоор томилогдож байлаа. Тэрээр банкныхаа ажилтнуудыг цаасан дээр тавьж байгаа үсэг, тоо бүрийг зөв, цэвэр, гаргацтай, хэн ч харсан ойлгомжтой бичихийг зааж сургадаг байв.

 Цэргээс ирсэн жилээ буюу 1972 оны 7-р сарын 2-нд насны ханьтайгаа гэрлэж, тэд гурван охин нэг хүүтэй өнөр өтгөн айл болсон юм. Эхнэр М.Даваасамбуу нь тухайн үед Говь-Алтай аймаг дахь Хотын Худалдаа Бэлтгэлийн Трестэд ажилладаг байв. Өдгөө ууган охин А.Дэлгэрцэцэг нь бүжигчин, ууган хүргэн Д.Пүрэвсүрэн нь хөгжмийн удирдаач мэргэжилтэй, удаах охин А.Дуламсүрэн нь аавынхаа мэргэжлийг өвлөн санхүү, эдийн засгийн мэргэжилтэй болсон бөгөөд тус тусын мэргэжлээрээ ажиллацгааж байна. Дунд хүргэн Б.Мягмардорж нь ойн инженер. Хүү А.Дорждэрэм программист, техникийн инженер байсан. Бэр З.Сумъяа нь нягтлан бодогч, бага охин А.Дэлгэрмаа нь сэтгүүлч мэргэжилтэй, бага хүргэн Ц.Мөнх-Эрдэнэ нь олон улсын худалдаа, удирдлагын менежер, барилгын инженер мэргэжилтэй. Хүүхдүүд нь бүгд хоёр хоёр хүүхэдтэй бөгөөд ууган зээ нь өрх тусгаарлаж удмын хэлхээ үргэжилсээр... Үгүй нь хүртэл бий-тэйгээ ижил үлгэрлэн хүмүүжүүлж байдаг тул аавынхаа, өвөөгийнхөө нөмөрт үр удам нь улам өөдөө тэмүүлэн амьдарч байна.

Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн үеэс буюу 1989 оноос 2004 он хүртэл хувиараа аж ахуй эрхлэж байгаад өндөр насны тэтгэвэрт суужээ. Тэрээр залуу наснаас эхлэн шүлэг зохиол бичдэг, түүх сонирхдог, ардын дуу хөгжим, урлагийн өндөр мэдрэмжтэй, мэдлэгтэй байсан нь хүн төрөлхтний түүхийн үнэнийг мөшгих амаргүй хийгээд сонирхолтой замд хөтөлсөн юм. Хүнд өвчнийг юман чинээ саналгүй бүтэн таван жил цуцалгүй судалж, хөдөлмөрлөсний дүнд олон эрдэмтэн судлаачдын талархалыг хүлээсэн "Хүний үүсэл" номын нэг, хоёрдугаар боть болон тэдгээрийн тайлал болох "Хүний үүсэл номын тайлбар эрдэнийн чимэг оршив" номуудаа хэвлүүлж амжсан юм. Түүний номын багш, Ардын уран зохиолч, туульч өөлд Тангадын Галсаны дээрх номуудыг мялаан бичсэн шүлгээс ишлэн өгүүлж дурьдатгалыг жаргаая.

Олохын буянтай атлаа
Арилжаа наймааг орхиод
Онгод авъяастай атлаа
Агсам найргийг орхиод

Аглаг уулын мухарт
Даяанч болж суусан
Армаа шавь минь гэнэтхэн
Давхар боть авчрав...

...Этгээд сэтгэгч
Эрдэний "Их гурвалжинг" уншсанаас хойш
Ийм гүнзгий ном
Уншаа нь үгүй санагдлаа...

...Ерийн нэг монгол
Буянт үйлийг бүтээжээ
Ертөнцийн ...монголын түүхийг
Онхи өөрөөр туурвижээ...

Sunday, August 16, 2009

Туулай хээрт дурлаж өнгөрөөсөн мөчүүд...

Хүүхэд насны мөрөөдөл бяцхаан ч гэлээ асар агуу байдгийг мэдрүүлсэн нэгэн аялалын тэмдэглэл муутайхан дурсамжаа арчигдчихаас нь өмнө буулгаад үлдээмээр бодогдлоо.

Үзгээ яаран шүүрч аваад бичих гэхээр үг олддоггүй тийм их догдлол гэж байх. Анх удаа морь унан хэдэн арван саахалтын зайг туулсан энэ өдрийн аялал чухамхүү тийм л догдлолыг үлдээжээ. Ахтай минь нэг их адил төрхтэй, гүдэсхэн зантай Чинзориг хэмээх залуу энэ "баян" аялалыг сэдсэн нь над шиг монгол төрхөө гээж яваа олон хүнийг эргүүлэн "монгол"-д нь авчирсанд баярлаад баршгүй.

Хөмсгөө зангидсан ааш муутай бүсгүй шиг тэнгэр биднийг наймдугаар сарын 16-ны өглөө угтлаа. Яаж ч аашиллаа гэсэн над бол хамаа байсангүй. Учир нь мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа юм хойно юу ч байсан нөлөөлөх нь хаа юм. Тэгэхдээ "бүсгүй"-н ааш өдөр гэхэд хачин сайхан болчихсон.

Цаг барьдаггүй хэмээх "чамин ганган имиж" энэ удаад ч бас биднийг тойрсонгүй. Бараг цаг хагасаар хоцорч эхэлсэн аялал бурам шиг сайхан байх юм гэж би лав төсөөлөө ч үгүй.

Унаа юүлэх айлынхаа гадаа ирээд морьдоо сонгож зогсоход айх бахдах зэрэгцээд алаг зүрх минь амаар гарчих шахан зогсож байснаа нуугаад юү хийхэв.
Сартай ганган хээр морийг нэгэн бүсгүй маань бага хэмээн голсон нь өдөржин миний үнэнч хүлэг болсон ТУУЛАЙ ХЭЭР байлаа.
Анх мордоход дотор пал хийж, өдөрчийн газрыг туулах зүрх үхэж байсныг яана. Гэтэл алхаа бүр нь амьдралын минь алтан хормыг чимэглэн, ээжийн минь бүүвэй шиг тайвшруулсаар бид Таван салаа хэмээх үзэсгэлэнт Богд хайрханы нэгэн амыг өгсөн тэрхүү "диваажин"-гийн гүнд одвоо...
Нэг л мэдэхэд Туулайхан бид хоёр дотоодоосоо ярилцаж, бие биесээ ойлгож эхэлжээ. Тэр намайг ширүүхэн дуугарахаар "Яав энэ чинь, чимээхүйхэн л явдагсан" гэсэн шиг эргэж харан дөрөөтэй хөлийг минь нэг үнэрлээд. "Заа даа энэ ч ер нь намайг яав л гэж дээ" гэх аятай урагш алхана. Хааяахан бууж өвс хэд хазуулахад хамраараа биед шөргөөлөн хамаг хувцасанд "хээ" үлдээнэ. Хөдөөний хүүхэд атлаа энэ аз жаргалыг хожуухан мэдэрсэн мань мэтийн шушмаад тэр хээ нь одоо угаамааргүй, холливудын одын гарын үсэгнээс ч үнэтэй дурсгал мэт санагдаад болдоггүй ээ.

Их эзэн Чингис хаан дэлхийн дайтыг эзэлсэн нь монгол морьтойгоо явсных биз ээ.
Туулайхан хээрийнхээ зоон дээрээс тэнгэрийг, үүлсийг, дүүлэн нисэх шувуудыг, уулсыг, цэцэгсийг харахад энэ бүгд миний л орчлонгийн чимэг гэх өмчирхөг, омогшуу бодол хүлээтэй оюуныг минь задлан, түрэмгийлэн эзлэх ажээ. Амьдрал гэдэг заримдаа нулимс унагамаар гашуун ч ихэнхдээ удаан уусдаг чихэр шиг амттай аж.

Хэдийгээр оройтож байгаадаа сэтгэл түвдэн яаравч сайхан хүлгүүдэд хоргодоод нэг л уйтай.
Гэтэл зүүдэнд эргээд л ирдэг Туулайхан хээрээ гэж...

Tuesday, August 4, 2009

Дурлал чи тавтай морил!

Би уруулаа үзэн ядна. Яагаад гэвэл чамайг үнсээгүй болохоор. Гараа ч мөн ялгаагүй түвэгшээнэ. Мөн л чамайг тэврээгүй болохоор.
Ай даа, мөн ч их санана. Харж ханаагүй л болохоор. Зүрхээ ч бас ад үзнэ, дурлаж ханадаггүйн шалтгаанаар...

Өвөртөө ганцаараа чамайг үгүйлэн шаналахдаа ийм л хэдхэн бодолд хүлүүлээд хэвтдэг болчихож. Хүлээтэй шөнүүдэд чи надаар даажигнаж зүүдэнд ирээд буцна. Буцах бүртээ ямар ч толбогүй тэр сайхан инээмсэглэлтэйгээ миний цэгээхэн инээмсэглэлийг аваад л явна.

Дурлалд би шаналж байна. Ашгүй дээ, би дурлалд шаналж байна. Одооноос олоон жилийн өмнө л мэдэрч байсан тэр "жаргаадаг зовлон"-г би одоо тамшаалж байна. Тавтай морил доо, таатай зовлон минь. Зүүдэнд тавладаг болоод нэлээн хэд хоносон сайхан тэр нэг инээмсэглэлтэй хамт тавтай морил.

Monday, June 29, 2009

Уйтгар гуниг минь сайн байна уу?

Хүүхэд байхад аав томилолтоор явахад нэг их гуниглаад хоцордогсон. Харин эргээд ирэхэд нь үгээр хэлшгүй баяр хөөрт автана...

Аавыгаа алдаж байна би... Асар хурдтай алдаж байна. Амнаас нэр нь ч багтаж гарамгүй тэр хорт хавдар гэгч аймшигтай өвчинд аавыгаа алдаж байна. Хаашаа нь мэдэгдэхгүй хачин холын тэр томилолтоор явуулмааргүй, болдогсон бол хоёр хөлийг нь тушиж байгаад ч болов аваад хоцормоор...

Хөлөөрөө хөлхөж байвч би сэтгэлээрээ найдвар тэмтчин мөлхөж явна... Гайхамшгийн тухай үлгэр маань үлбийсэн чөтгөрийн гал мэт сүүмийсээр байгаад жаргачихлаа.

Том хүн болох гэж хичээж сууна. Гуч дөхөж яваа ч бяцхан охин байжээ би. Хоолойд тээглэх гунигаа нулимстайгаа залгин тэвчээртэй алхлах ийм хэцүү гэж хэн санах вэ.

Идэр есөөр өвөлжөөний арын уул өмөрч унахын дайтай айдас цээжинд хургаад болдоггүй ээ. Дээгий, надад туслаач дээ. Би үнэхээр яахаа мэдэхгүй арчаагүй байдалд ороод байна, гэж хэдэнтээ гуйлаа. Юунд ч бууж өгөхийг хүсдэггүй өнөөх "чанга охин" амаа үдүүлсэн мэт юу ч хэлэлгүй олон хонолоо. Гэтэл өнөө өглөө дотор хүн Дээгий маань нэгийг өгүүлэв.

Тэрээр "Хүн бүрийн аав тэр томилолтоос эргэж ирдэг юм. Хэзээ гэдэг нь үр хүүхдээс нь шалтгаалдаг. Хүний дайтай байвал мөдхөн ирдэг, хэвлийд нь ирдэг. Хэрэв хэн ч биш байх аваас буцах замаа ололгүй оосор бүчгүй орчлонд төөрөн оддог." гэнэ. Түүний зохиосон ээлжит үлгэрт итгээд өвдгөө түшээд, нулимсаа арчаад бослоо...

Үдээ ч үгүй байж угтах тухай бодох юун. Түүний оронд явахаас нь өмнө юу эсийг амжуулах ёстойгоо дөнгөж ухаарлаа.

Уйтгар гуниг минь баяртай! Амьдрал минь сайн байна уу?